Аймгийн Ерөнхий архитектор бөгөөд “Хот байгуулалт, барилга захиалагчийн алба” ОНӨААТҮГ-ын захирал П. Баясгалан

Эрхэм хүндэт Эрдэнэтчүүддээ эрүүл энх, сайн сайхныг хүсэн мэндчилье. Хот байгуулалт, барилга захиалагчийн алба ОНӨААТҮГ үүсгэн байгуулагдсаны 10 жил, Монгол улсад Их барилгын салбар үүсэж хөгжсөний 97 жилийн ойг тохиолдуулан үе үеийн бүтээн байгуулагч, хамт олныхоо ажил амьдралын замнал, чин сэтгэлийн дурсамж, үнэн түүхийг гэрчлэх мартаж боломгүй дурсгалт агшин, бүтээн байгуулалтын он цагийн хэлхээс,  түүхэн баримтыг үндэслэн энэхүү номыг эмхэтгэн цэгцэлж та бүхнийхээ оюуны мэлмийд өргөн барьж байгаадаа баяртай байна.

Төрөлх Эрдэнэт хот маань өдрөөс өдөрт өргөжин тэлэхийн хэрээр бүтээн байгуулалтын ажлууд эрчимжиж Улсын болон Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалттай 315,9 тэрбум төгрөгийн 1801 ажилд захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн, 79,9 тэрбум төгрөгийн 897 зураг төсөл гүйцэтгэн чанарын өндөр түвшин хүлээлгэн өгсөн байна. 

2021 он бидний хамт олны хувьд түүхэн жил байлаа. Эрдэнэт хотын орон сууц, дахин төлөвлөлт, орлогод нийцсэн орон сууцны төслүүдийг хэрэгжүүлэх шинэ бүтцийн нэгж байгуулан хариуцлагатай ажлыг эхлүүлэн ажиллаж байна.

Бид дахин төлөвлөлтийн Анхдугаар зөвлөгөөнийг Улсын хэмжээнд анх удаа амжилттай зохион байгуулж  “2022-2025 онд хэрэгжүүлэх орон сууцны хөтөлбөр”-ийг боловсруулж Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлуулан орлогод нийцсэн орон сууцны төслүүдийг үе шаттайгаар хуульд нийцүүлэн амжилттай хэрэгжүүлж байна.

Цаашид Дахин төлөвлөлт, орлогод нийцсэн орон сууц, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны төслүүдийг хэрэгжүүлж 4600 орчим айлын орон сууцыг барихаар төлөвлөж байна.

Барилгын салбарт болон манай байгууллын түүхэнд мөрөө үлдээж залуу халуун насаа зориулсан үе үеийн ахмадууд, хамтран ажиллаж буй ажилтан, албан хаагчид, мэргэжил нэгт нөхөд, барилгын чиглэлээр бэлтгэгдэж буй оюутан залуус та бүхэндээ 10 жилийн ойн баярын мэндийг хүргэж, хөдөлмөр бүтээлийн амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.